Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/70 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05/5611 дүгээр албан бичиг, Онги-Ус Суваг ТБОНӨОХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр баталсан 29/04 дугаар удирдамжийн хүрээнд Онги Ус Суваг ТБОНӨОХХК-ийн 2025 оны цалингаас бусад санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Онги Ус Суваг ХХК-ийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэж хөрөнгийг захиран зарцуулдаг, анхан шатны баримтыг тухай бүр бүрдүүлж, хэвшээгүй, нөхөж бүрдүүлдэг, худалдан аваагүй бараа метериалыг хий орлого авч, зарлага гаргадаг, бараа материалыг тавьж олгохдоо шаардах хуудсыг тухай бүр бүрэн бичүүлдэггүй, шаардах хуудасгүйгээр барааг тавьж олгодог, бичигдсэн шаардах хуудсанд хяналт тавих эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавьж гарын үсгээр баталгаажуулдаггүй, анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэж бараа материалд шингээн гүйлгээ хийдэг, касс болон бараа материалын тайлангийн анхан шатны баримтын бүрдэл дутуу, хүчин төгөлдөр бус буюу баримтын эх хувь биш хорон хувийг хавсаргадаг, урамшуулал, баяр ёслол, хүлээн авалтын зардлыг тушаалаас илүү зарцуулсан, эд хөрөнгө, бараа материалын тооллогыг чанаргүй буюу ор нэр төдий хийж тайлангийн үлдэгдлийг бодит үлдэгдэлтэй тулган баталгаажуулаагүй, зарим бараа материалын орлого зарлагын гүйлгээг ерөнхий нягтлан бодогчийн эрхээр хийсэн, урд ажиллаж байсан нярвын нэр дээрх үлдэгдэл одоог болтол санхүүгийн тайланд үлдэгдэлтэй хэвээр тайлагнагддаг, энэ үлдэгдлээс бодитоор аль нь байгаа болон аль нь байхгүй байгаагаа мэддэггүй, санхүүгийн тайлан гаргахдаа бараа материалын үлдэгдэлийг худал тусгадаг, агуулахын эмх цэгц замбараагүй, бараа материалыг нэр төрөл тус бүрээр ангилан бүртгэлжүүлээгүй, агуулахын бүртгэл хөтөлдөггүй, санхүүгийн программд нэг бараа материалыг олон нэр төрлөөр, олон дансанд хольж бүртгэдэг, нярав солигдох үед хөрөнгө болон агуулахад тооллого хийж ажил хүлээлцээгүй, үр ашиггүй тэтгэмж, урамшууллын зардалд хөрөнгө зарцуулсан, тушаал шийдвэрийг тухай бүр гаргадаггүй, нэгдсэн бүртгэл хөтөлдөггүй, өглөг авлагын тооцоог бүрэн баталгаажуулаагүй, өр, авлагыг санхүүгийн тайланд бүрэн тусгадаггүй, санхүүгийн программд нэвтрэх эрх бүхий ажилтнуудаар нууцын баталгаа гаргуулаагүй, урьд ажиллаж байсан гүйцэтгэх захиралд шинээр ажиллаж байгаа гүйцэтгэх захирал шийдвэр гаргаж тэтгэмж олгосон, одоо ажиллаж байгаа гүйцэтгэх захиралд тэтгэмж олгох шийдвэрийг ТУЗ-аас гаргахдаа гүйцэтгэх захирлын тушаалын бланк ашигласан, санхүүгийн баримтыг үдэхдээ үдэгдсэн баримтыг дугаарлаагүй, дотоод товъёг үйлдээгүй, баталгааны хоосон хуудас хавсаргасан, баримт үдсэн хүний гарын үсэг, гарын үсгийн тайлал байхгүй зэрэг зөрчлүүд нь компанийн гүйцэтгэх захирал болон санхүүгийн ажилтнууд ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан, санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат дараалсан хяналт сул буюу гүйцэтгэх захирал санхүүгийн үйл ажиллагаандаа бүхэлд нь хяналт огт хэрэгжүүлдэггүй, дотоод хяналтыг энэ чиглэлд ажиллуулаагүй, ерөнхий нягтлан бодогч, нярвын үйл ажиллагаанд хяналт огт хийдэггүй, мэргэжил арга зүйгээр хангаагүй, мөн удирдлагыг мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллаагүй буюу ерөнхий нягтлан бодогчдын чиг үүргийг хэрэгжүүлээгүй, санхүүгийн программын хэрэглэгчийн эрхийн тохиргоо буруу байсан, дотоод хяналт болон өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаа хэрэгжээгүй, санхүүгийн программ хангамжид хандах эрх, нууц үгийг хэрхэн ашиглах, хамгаалах талаар зохицуулсан дүрэм, журам байхгүй, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон албан хэрэг хөтлөлт, архивын стандартыг мөрдөөгүй, удирдлага болон санхүүгийн ажилтнууд хоорондоо ойлголцож хамтран ажилладаггүй, хоорондын харилцаа болон ажлын уялдаа муу, ажилтнуудад санхүүгийн мэдээллийг ил тод нээлттэй өгдөггүй, санхүүгийн үйл ажиллагаанд ажилтан нар ямар үүрэг оролцоотойг ойлгуулаагүй, энэ тухай зохицуулсан журам байхгүй, Төлөөлөн удирдах зөвлөлөөс санхүүгийн үйл ажиллагаанд бодит хяналт тавьж ажиллаагүй, зэргээс үүдэлтэй байна гэж дүгнэлээ.
Мөн дотоод журмын 9.1, 9.7, 15.9, 15.14, 15.19, 16.2 гэх мэт ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн заалтууд нь байгууллагын эдийн засгийн үр ашиг, ашигт ажиллагаатай уялдаагүй хэт үрэлгэн заалтууд байна гэж дүгнэлээ.
Энэ удаагийн шалгалтаар анхан шатны баримттай холбоотой 48,804,310 (дөчин найман сая найман зуун дөрвөн мянга гурван зуун арав) төгрөг, цалин, урамшуулалтай холбоотой 19,456,016 (арван есөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга арван зургаа) төгрөг, бараа материалтай холбоотой 407,930,031 (дөчин сая долоон зуун ерэн гурван мянга гучин нэг) төгрөг, өр авлагатай холбоотой 7,355,505 (долоон сая гурван зуун тавин таван мянга таван зуун тав) төгрөг, тушаалаас илүү зарцуулсан 2,676,700 (хоёр сая зургаан зуун далан зургаан мянга долоон зуу) төгрөг, кассаас баримтгүй зарцуулсан 500,000 (таван зуун мянга) төгрөг, тушаал шийдвэргүй зарцуулсан 8,720,545 (найман сая долоон зуун хорин мянга таван зуун дөчин тав) төгрөг, зориулалт бус зарцуулалт 3,843,682 (гурван сая найман зуун дөчин гурван мянга зургаан зуун наян хоёр) төгрөг, нийт 499,286,789 (дөрвөн зуун ерэн есөн сая хоёр зуун наян зургаан мянга долоон зуун наян ес) төгрөгийн зөрчил илэрч, шалгалтын хугацаанд 2,789,200 (хоёр сая долоон зуун наян есөн мянга хоёр зуу) төгрөгийн зөрчлийг арилгуулж, 9,920,382 (есөн сая есөн зуун хорин мянга гурван зуун наян хоёр) төгрөгийн зөрчилд улсын ахлах байцаагчийн акт тогтоож, 463,568,361 (дөрвөн зуун жаран гурван сая таван зуун жаран найман мянга гурван зуун жаран нэг) төгрөгийн зөрчлийг арилгуулах, зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх талаар улсын байцаагчийн албан шаардлага өгч, Нягтлан бодох бүртгийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийг нэгтгэн арга хэмжээ тооцуулахаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст буюу нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчид хүргүүлэв.